Business.MN - Вэбинар

9 сарын 29. Компани амжилттай ажиллахад сэдэлжүүлэлт ямар нөлөөтэй вэ?

Лектор, зөвлөх Д.Болор
“Компаний Гүйцэтгэх дээд удирдлага буюу CEO-1” болон “Бизнесийн зөвлөх” номын зохиогч

Ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэн ажлын гүйцэтгэлийг удирдах, хүмүүс хоорондын  харилцааг сайжруулагч чухал хэрэгсэл бол СЭДЭЛЖҮҮЛЭЛТ юм. Хувь хүн болоод байгууллагын өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө  болон бусдыг өдөөн ажиллуулах, хэрэгцээг хангах процессыг Сэдэлжүүлэлт гэнэ. Компанийн бизнесийн зорилгын ач холбогдол, гүйцэтгэлийн үнэлгээг таниулж ойлгуулж, сургалт, коучинг хийгээд ч ажилтан өөрөө хүсэл тэмүүлэлгүй, сэдэлжээгүй бол үр дүн гарахгүй билээ.

Сэдэлжүүлэлтийн процесс нь хэрэгцээ үүсэх, түүнийг шийдвэрлэх арга замыг хайх, үйлдлийн чиглэлийг тодорхойлох, үйлдлийг гүйцэтгэх, үр дүнд хүрэх, хэрэгцээг арилгах гэсэн үе шаттай.  Энэхүү вэбинараас ажилтны сэтгэл ханамжийн судалгаа хийх, сэдэлжүүлэлтийн орчинг бий болгох болон сэдэлжүүлэлтийн практик туршлагуудаас санаа авч ажилдаа хэрэгжүүлээрэй.

Календартаа нэмье Бүртгүүлэх

Өмнөх вэбинарууд

9 сарын 08. Бизнесээ эрсдлээс хэрхэн хамгаалах вэ?

Лектор, менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал
Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн захирал, Удирдлагын Академийн ахлах багш

Аливаа байгууллагын зорилго, зорилгодоо хүрэх эсэхийг тодорхой бус болгодог дотоод, гадаад хүчин зүйлс, элдэв нөлөөллүүд  байдаг ба энэхүү тодорхой бус байдлын үр дагавар нь ЭРСДЭЛ юм. Байгууллагад болон бизнест гадаад, дотоод орчноос нөлөөлж болох нөлөөллийн хүчин зүйлсийг судалснаар, эрсдлийг урьдчилан харж чадах бөгөөд ийнхүү эрсдлийг олж харснаараа түүнийг тойрон гарах эсвэл даван туулах бэлтгэлээ хангаж эхэлдэг нь гарцаагүй танд амжилтыг авчирна. 

Эрсдлийн удирдлага нь бизнес эрхлэгчийн хувьд эрсдлээс үүдэж болох санхүүгийн хохирлыг багасгах, арилгах, ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа юм. Бизнест учирч болзошгүй эрсдлийг бууруулах, эрсдэл учирсан нөхцөлд байгууллагын бэлэн байдлыг хангахад эрсдлийн удирдлагын арга ухааныг хэрхэн хэрэгжүүлэх талаар та энэхүү вэбинараас мэдэж авна.

БҮРТГЭЛ ХААСАН

9 сарын 15. Борлуулалтаа өсгөх арга билгийн 10 ухаан

Шилдэг борлуулагчид агуу том зорилго тавьж, түүндээ хүрэх маш тодорхой төлөвлөгөө гаргаж, ямх ямхаар зогсолтгүй урагшлах дадлыг өөртөө суулгасан байдаг. Аргын 5 ухаан, билгийн 5 ухааны харилцан шүтэлцээт чанарыг ойлгож, хослуулан хэрэглэж чадвал шилдэг борлуулагч болж чадна. Борлуулалтаа өсгөж, шилдэг борлуулагч болох арга ухааныг энэхүү вэбинараас олж мэднэ. Борлуулалтын үе шатыг хэрхэн хэрэгжүүлэх аргачлалыг олж авахаас гадна өөртэйгөө ажиллах төлөвлөгөө гаргахад суралцаж, олон кэйс туршлагаас амьдралдаа хэрэгжүүлэх санаа сэдэл олж аваарай.

Үр дүн ба үйл явц хэмээх арга билгийн ухаан: Та хаана хүрэхээ тодорхойлсон бол, яаж очихоо бас төлөвлөж, төлөвлөсний дагуу өдөр бүр үйлдэл хийж чадвал энэ арга билгийг ашиглаж байна гэсэн үг.
Гадаад имиж ба дотоод хүч хэмээх арга билгийн ухаан: Та ажил хэрэгч хувцаслалт, сайхан инээмсэглэл, хүчирхэг алхаа гишгээрээ биеэ чимэхдээ өөртэй итгэлтэй, өөдрөг бодолтой, амжилтын сэтгэлгээтэй байж дотроосоо гэрэлтэж байвал энэ арга билгийн ухааныг нэвтрүүлж чадаж байна гэж үзээрэй.
Ярьж итгүүлэх ба сонсож ойлгох хэмээх арга билгийн ухаан: Уран ярьж, хүлээцтэй сонсох зэвсгийг эзэмшиж харилцагчдаа эерэгээр нөлөөлж чадаж байгаа бол энэ арга билгийн ухааныг зэвсэг мэт эзэмшсэн байна гэж үзье.
Мэдлэг ба мэдрэмж хэмээх арга билгийн ухаан: Хийж байгаа зүйлийнхээ талаар мэдлэг туршлагатай, дотоод зөн совингоо сонсож чаддаг хүн харилцагчаа дотроос нь мэдэрч тэдэнтэй хүчирхэг холбоосыг үүсгэж чадвал та мэдлэг, мэдрэмжийн арга билгийн ухааны эзэмшсэн байна.
Авах ба өгөх хэмээх арга билгийн ухаан: Өгөхийн хэрээр авч чаддаг, авахын хэрээр өгч чаддаг хуулийг ойлгож, харилцагчдаа үйлчилж, халамжилж чадвал таны санасан хэрэг сэтгэгчлэн бүтэх болно. Ингэсэн цагт та өгөх авахын арга ухааныг эзэмшсэн байна гэсэн үг.

БҮРТГЭЛ ХААСАН

9 сарын 22. Манлайлал ба удирдлагын залгамж халаа

Лектор, менежментийн  зөвлөх/удирдлагын көүч Ц.Оюунжаргал
Глобаль Стратегийн Удирдлагын Институтийн захирал

Та энэхүү вэбинарт оролцсоноор манлайллын ур чадварийн өнөөгийн түвшингээ тодорхойлж, хувь хүний манлайлах ур чадвараа хэрхэн ахиулах тухай болон байгууллага хамт олон, багийг хэрхэн оновчтой удирдах талаар суралцахын зэрэгцээ ажлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулахад хэрэглэдэг практик, арга техникүүдийг эзэмшинэ.

Байгууллагын удирдлагыг чадваруулах энэхүү сургалтаас 21-р зууны манллайллын чиг хандлага ямар байгаа тухай болон манлайллын түвшин ба эмоцийн чадавхи, багийн удирдлагын тухай, удирдлагын шийдвэр гаргах арга техникийн талаар та эндээс мэдэж авах болно. Мөн компанийн захирал удирдлага бүрт тулгардаг залгамж халаа бэлдэх асуудлаар та энэхүү вэбинараас чиглэл аваарай.

БҮРТГЭЛ ХААСАН

6 сарын 23. Багийн нөлөөлөл ба багийн тоглогчийн чадварыг дэмжих аргууд

Лектор, зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзан
Психометрикс ХХК-ийн захирал, Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний хүрээлэнгийн УЗ-ийн дарга

Байгууллага доторх жижиг багуудыг үнэлэх дүгнэх, анализ хийхэд багийн талаарх мэдлэгийг хэрэглэхэд танд тусална. Баг, хамт олныхоо дунд хувь хүний гаргадаг зан үйлийн олон талуудыг ойлгосноор бизнес эрхлэгчид, менежерүүд хэрхэн ажиллах арга барилаа тодорхойлдог. Баг хамт олон бүрдүүлэх, нөлөөтэй багийг бий болгохын ач холбогдлыг та энэхүү вэбинараас олж авна.

Багийн тоглогч гэдэг ойлголт зөвхөн спортын багт яригддаг ойлголт биш, байгууллага аж ахуйн нэгж бүрийн жижиг бүлгүүд болох баг, хэлтэс, төслийн багийн үйл ажиллагааг амжилттай явуулах нь тоглогчоос хамраана. Багийн тоглогч нь ажил үүргээ сайн гүйцэтгээд зогсохгүй хамт олон, багийн эрхэм гишүүн байснаар багийн үйл ажиллагаагаар дамжуулж байгууллагын үйл ажиллагааг үр нөлөөтэй, үр ашигтай болгоход хувь нэмрээ оруулагч юм. Иймээс байгууллагууд маш хүчтэй, нөлөөтэй, сайн гүйцэтгэлтэй, зорилго зорилтонд хүргэж чадах багийн гишүүдээс байгууллага хамт олноо, багаа бүрдүүлэхийг хичээдэг. Нэг талаас хэрхэн багийн гол нөлөөлөгч байх, багийг бүрдүүлэх, багийг үр дүнтэй ажиллуулах вэ гэж уридлага менежерүүд; нөгөө талаас хэрхэн багаар ажиллах, багийн хэм хэмжээ, хэрхэн сайн багийн тоглогч байх вэ, бүлгийн нормыг хүлээн зөвшөөрөх вэ зэрэг олон асуултад хариулж, сэтгэл зүйн суурь ойлголтуудыг энэ вэбинараар өгөх болно.
Багийн тоглогчийн сэтгэл зүй, зан үйлийн олон талуудыг ойлгож, багийн тоглогчийн чадварыг дэмжих аргуудаас санал сэдэл авч ажилдаа хэрэгжүүлснээр орчин үеийн байгууллагын цаашдын үйл ажиллагаа амжилттай явагдана. ТА ЧАДВАРЛАГ БАГИЙН ТОГЛОГЧ БОЛОХ УУ?

БҮРТГЭЛ ХААСАН

6 сарын 16. Бизнесүүд яагаад CRM хэрэглэх хэрэгтэй вэ?

Лектор, дижитал маркетер Б.Батзориг. Энтрепренёр, BZP Digital&Inbound компанийн захирал

Аливаа бизнесийн оршин тогтнох үндэс суурь нь хэрэглэгч байдаг. Хэрэглэгчтэйгээ үүсгэх маркетинг, борлуулалт, үйлчилгээний бүхий л харилцаагаа удирдахад тань CRM танд хэрэгтэй.
Энэхүү вэбинараар хэрэглэгчтэйгээ үүсгэх БҮХИЙ Л харилцааг удирдах CRM системийн тухай энэ системийг бизнестээ хэрэгжүүлснээр хэрэглэгч харилцагчтайгаа түргэн шуурхай цэгцтэй харилцах, цаг хугацаа зардал хэмнэх, багаар үйлчилгээ үзүүлэх гээд олон давуу талуудыг олж авч болохыг танд танилцуулна. CRM юуг хийж чадах, аль салбарын хэн яаж ашиглавал үр дүнтэй байх талаарх ойлголтыг өгч, бизнестээ CRM нэвтрүүлэхэд тань хэрэг болохуйц практик зөвлөмжүүдийг өгнө. Байгууллагынхаа вэб сайт, сошиал медиа, мессенжер, и-мэйл,байгууллагын утас зэрэг та өөрийн хэрэглэгчтэй ажилладаг сувгуудаа CRM-тэй холбон, өгөгдөл, бичлэгийг авч илүү шуурхай, ухаалгаар ажиллах арга техникийг та энэхүү вэбинараас олж аваарай.
Та бизнестээ CRM ашигласнаар хэрэглэгчтэй үүсэх харилцаа, хэлцлээ хаанаас ч онлайнаар уян хатан удирдах бөгөөд хамт олны багийн ажиллагаа тань шинэ түвшинд гарах болно.

БҮРТГЭЛ ХААСАН

6 сарын 09. Хэрэглэгчдэд алсын зайнаас түргэн шуурхай үйлчлэх аргачлалууд

Лектор, хэрэглэгчийн үйлчилгээний зөвлөх Б.Сарантуяа
SABA Зөвлөх Үйлчилгээний Байгууллагыг Үүсгэн байгуулагч

Зах зээлд бараа бүтээгдэхүүнээр ялгарах ялгарал багасч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байгаа энэ цаг мөчид хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдний гүйцэтгэлийг бодитоор хэмжих, гүйцэтгэлд суурилсан сургалт хөгжлийн систем нэвтрүүлэх нь хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, түргэн шуурхай үйлчилгээ хүргэхэд гол бүрдэл хэсгүүд болохыг орчин үеийн чиг хандлага болон Монгол улсын тэргүүлэх байгууллагуудад (Мобиком, Хаан банк) хэрэгжүүлсэн туршлага дээр тулгуурлан заана.

Энэхүү вэбинараас хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд юу болох, ажилтнуудынхаа хэрэглэгчийн асуудал шийдэх чадавхийг хэрхэн дээшлүүлэх, алсын зайнаас борлуулалт хийх аргачлалуудыг та мэдэж авах болно.

БҮРТГЭЛ ХААСАН

6 сарын 02. Цахим сургалтыг хэрэгжүүлэх НӨҮ-ХАУ

Лектор, онлайн сургалтын зөвлөх Я.Цэцэг-Өлзий
Цахим Мэдлэг ТББ-ыг үүсгэн байгуулагч, ЮНИДО-гийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих төслийн цахим сургалтын эксперт

Алсаас суралцагчаа багш хэрхэн мэдэрч сэдэлжүүлж идэвхжүүлэх вэ? Цахим сургалтын 3 төрлийн төсөлд юу юу багтах вэ? Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Эдгээр асуултын хариуг та энэхүү вэбинараас олж авна.
Цахим сургалт бол агуулгын эксперт, зааварчилгааны дизайнер, технологи ба медиа хөгжүүлэгч, онлайн багш, төслийн менежерийн хамтын хүч оролцоотойгоор хэрэгждэг багийн ажил юм. Цахим сургалтыг хэрэгжүүлэх процесс нь сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгжүүлэгч байгууллагын бэлэн байдлыг үнэлэхээс эхэлнэ. Төслийн менежментийн зарчмаар төлөвлөсөн, хэрэгжүүлсэн цахим сургалт амжилттай бөгөөд урт хугацаанд тогтвортой явагддаг. Сургалтын амжилтанд цахим сургагч багшийн ур чадвар онцгой ач холбогдолтой. Энэхүү вэбинарыг цахим сургалтыг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон сонирхож буй хүн бүхэнд зориулсан бөгөөд цахим сургалтын төслийн менежментийг хэрхэн хийх, онлайн сургагч багш суралцагчдаа хэрхэн дэмжиж идэвхжүүлэх, суралцаж буй явцыг хэрхэн хянаж, дүгнэх тухай арга зүйг мэдэж, ажилдаа хэрэгжүүлэх санаа сэдэл олж аваарай.

БҮРТГЭЛ ХААСАН

5 сарын 26. Хямралын үед хүний нөөцөө удирдах стратеги

Лектор, мэргэшсэн зөвлөх Ц.Цэцэгмаа. Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн дэд захирал, МХНММХолбооны тэргүүн

Дэлхийн нийтийн хэмжээнд цар тахал хэмээн нэрлэгдэж буй Ковид-19 дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч, энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас бизнесийн байгууллагын удирдлагууд олон сорилтуудтай тулгарч байгаа билээ. Эдгээр сорилтууд дотроос хамгийн шийдвэрлэхэд ярвигтай асуудал бол хүний нөөц болж байна. Хямралын нөхцөлд бий болгож, төлөвшүүлсэн хүний нөөцийн дархлаагаа хэрхэн авч үлдэхээс бизнесийн хөгжлийн дараагийн үе шат хамаарах тул удирдлага зөв арга барил, стратеги баримтлах нь хамгаас чухал.
Иймээс хямралын нөхцөлд удирдлагын зүгээс хүний нөөцийг удирдах ухаалаг менежмент болоод баримтлах стратегиуд, хямралын үеийн удирдлагын багийн бүрэлдэхүүн, стрессийг удирдах талаар сургагч багш онол-арга зүйн хувьд тайлбарлаж, олон улсын болоод үндэсний хэмжээний туршлагаас хуваалцах болно.

БҮРТГЭЛ ХААСАН

5 сарын 19. ERP систем, түүний үр өгөөжийг хэрхэн өндөр байлгах вэ?

Лектор, Digital Works компанийн захирал Б.Нямцэрэн

ERP систем нэвтрүүлэх нь цахим шилжилтийн эхний чухал алхам бөгөөд тухайн байгууллагад маш олон давуу тал, үнэ цэнийг бий болгодог. Учир нь бизнесийн байгууллагууд өрсөлдөөнд давуу талыг олохын тулд технологид суурилсан цоо шинэ шийдлийг бизнестээ нэвтрүүлэхийг дижитал эрин шаардаж эхэлсэн.

Иймээс байгууллагынхаа хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж, ERP системээ хэрхэн зөв сонгох, нэвтрүүлэх үедээ юуг анхаарах хэрэгтэй болон ERP нэвтрүүлсний дараах ашиглалт үйлчилгээ, цуглуулсан өгөгдлөө хэрхэн үр дүнтэй ашиглаж, үйл ажиллагаагаа сайжруулах талаар энэхүү вэбинараас суралцаарай.

Япон улсын Hitachi, Fujitsu компаниудад CRM, ERP системийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн төсөлд ажилласан МТ салбарт 15 жил ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн вэбинарыг хөтлөн явуулна.

БҮРТГЭЛ ХААСАН

5 сарын 12. Хямралын үед санхүүгийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх 3 алхам

Лектор, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах

Ковид19 вирусын халдвар дэлхий даяар тархсаны улмаас эдийн засаг, бизнесийн салбарт урьдчилан таамаглашгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хямрал нүүрлээд байгаа энэ цаг үед жижиг дунд бизнесийн санхүүгийн удирдлагыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хямрал хүндрэлийг амжилттай даван туулахын тулд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зохимжтой талаар энэхүү вэбинараас мэдэж авах болно.

Мөн хямралын үеийн санхүүгийн төлөвлөлт хийх, төлөвлөлтөө хэрэгжүүлэх явцад гүйцэтгэлээ хэмжих боломжтой автоматжуулсан эксел загварчлалыг танилцуулна. Вэбинарын үеэр зөвлөх багшаас сэдвийн хүрээнд онлайнаар асуулт асууж, зөвлөгөө авах боломжтой.

БҮРТГЭЛ ХААСАН